Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Байгалийн аялалууд > ЖАРГАЛАНТЫН АМНЫ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ

ЖАРГАЛАНТЫН АМНЫ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ

Өндөр-Улаан сумын Жаргалантын аман дахь буган чулуун хөшөө, хиргисүүрт 2000 гаруй адууг тахисан байжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламж оршдог. Энэ газрыг 1970-аад оноос судлаачид бүртгэж, үүнээс хойш олон жилийн судалгааны явцад Монгол улсад төдийгүй Төв Азийн хамгийн том буган чулуун хөшөөт тахилгын газар болохыг тогтоосон юм. Жаргалантын аманд олон тооны буган чулуун хөшөө, түүнийг тойрсон хоёр төрлийн 1400 орчим тахилгын байгууламж, мөн дурсгалт газрын хойд хэсгээр цөөнхөн хэдэн дөрвөлжин хэлбэртэй тахилгын байгууламж, хиргисүүр зэрэг дурсгалууд нэгэн цогцолбор болон байрладаг байна. Анх 1989-1991 онд тус газарт Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан хээрийн судалгааны баг Т.Санжмятав, В.В.Волков нараар удирдуулан малтлага, судалгаа хийж, олон тооны сонирхолтой олдвор хэрэглэгдэхүүнийг нээн илрүүлж байжээ. Гэвч тэднийг судалгаагаа эхлүүлэхээс өмнө дурсгалт газрын хойд хэсэгт буй гурван тахилгын байгууламжийн хамгийн зүүн талыг нь тоносон байна. Харин үлдсэн хоёр дөрвөлжин байгууламжийг малтахад олон тооны буган чулуун хөшөөг дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжийн хана, тахилгын дараас зэрэгт ашигласан болох нь илэрчээ. Энэ хоёр байгууламж хэдийгээр эрт цагт тоногдсон ч хоёрдугаар байгууламжаас мал, амьтны 80 гаруй толгойн яс олдсон бол, хоёрдугаар байгууламжаас 100-аад толгой, аман хүзүүний яс гарсан байна. Эдгээр ясны ихэнхийг таван хошуу малын толгойн яс эзэлж байсан боловч цөөн тохиолдолд нохойн толгойгоор тахилга үйлдсэн байсан тогтоогдсон байна.

Малын толгой бүрийг хошуугаар нь наран ургах зүгт хандуулан байгууламжийн зүүн хананы дагуу зэрэгцүүлэн тавьсан байжээ. Түүнчлэн гуравдугаар байгууламжид дөрвөн адууны толгойг магнайгаар нь газарт суурилуулан тавьсан төдийгүй суран хазаарын үлдэц бүхий хос хүрэл зуузай хамт тавьсан нь малтлагын явцад илэрчээ. Мөн малтлагаас хүрэл халбага болон гурван чулуун дээр тулгыг тавьснаар байрлуулсан бөгөөд цөгцөн ёроолтой, хүрэл тогооны хэлтэрхий олджээ. Харин хоёрдугаар байгууламжаас малын толгойноос гадна цагариган сэнжтэй хүрэл халбага, хүрэл товруу зэрэг олдвор гарчээ. Түүнчлэн зүүн талын байгууламж тоногдсон байсан бөгөөд нүхний эргэн тойронд 10 орчим буган чулуун хөшөө газарт ил хэвтэж байжээ.

Судлаачид дээрх олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан Жаргалантын амны цогцолборын хойд хэсэгт орших дөрвөлжин хэлбэрийн байгууламжуудын он цагийг ойролцоогоор НТӨ IХ-VII зууны үед холбогдоно хэмээн тогтоосон юм. Түүнчлэн буган чулуун хөшөөнүүдийг анхны байрлалаас нь хөдөлгөж, дахин ашигласан дөрвөлжин байгууламжууд дээрх цаг хугацаанд хамаарч байгаа ч буган чулуун хөшөөт үндсэн тахилгын цогцолбор түүнээс нэлээд түрүү үед, 3000 жилийн тэртээд холбогдох нь тодорхой байгаа аж. Харин дээрх малтлага, судалгаанаас хойш уг дурсгалт газарт эртний судлалын ямар нэг томоохон ажлыг хийгээгүй юм. Тэр ч бүү хэл дурсгалт газрын хойд хэсэг дэх олон тооны буган чулуун хөшөө ашиглан бүтээсэн гурван байгууламжийн нүх ил хэвээр үлдэж, буган чулуун хөшөөд эдгээр нүх болон нүхний гадна талаар тарж байрлах болсон ажээ.

Мөн зарим нэг нь хүмүүсийн гарт өртөж гэмтэх, буган хөшөөд хулгайлагдах, хаа нэг газарт зөөгдөх явдал гарч, хараа хяналтаас гадуур орших зэрэг аюул тулгараад байжээ. Тиймээс Монголын төдийгүй нийт нүүдэлчдийн соёлын үнэт өв болсон Жаргалантын амны буган чулуун хөшөө, тахилгын байгууламжийн дурсгалт газрыг авран хамгаалах, буган чулуун хөшөөнүүдийг сэргээн босгох, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Хануйн хөндийн” төслийг “Монголын соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэг”, АНУ-ын ЭСЯ-ны Соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд энэхүү дурсгалт газрын бүрэн зураглал, тодорхойлолтыг хийж, буган чулуун хөшөөнүүдийг сэргээн босгосон байна. “Хануйн хөндийн” төсөл энэ жилийн зургадугgар сар хүртэл хэрэгжих бөгөөд буган чулуун хөшөөг сэргээн босгох ажлыг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл зэвсгийн секторын эрхлэгч, доктор, профессор н.Төрбат, Монголын үндэсний музейн судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга Ж.Баярсайхан нар удирдаж бусад мэргэжлийн судлаач, сэргээн засварлагчидтай хэрэгжүүлэв. Түүнчлэн анхны байрлалдаа байсан гурван буган хөшөө болон бусад судалгаанд тулгуурлан нийт 24 буган чулуун хөшөөг эрт үед оршиж байх хамгийн боломжит газруудад байрлуулан босгосон ажээ.

Дашрамд сонирхуулахад, буган чулуун хөшөө, хиргисүүрийн тахилгын зан үйлд дараагийн ертөнцөд очиж байгаа хүнтэй хамтад нь ихэвчлэн адууг оршуулдаг байна.

Тухайлбал, Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн хөндийн Жаргалантын амны дурсгалын хиргисүүрийн нэг хэсэгт 1200 адууг тахисан байдалтай байжээ. Мөн буган чулуун хөшөөний бүтээн байгууламжид 700 орчин адуу тахисан тохиолдлыг илрүүлсэн байна. Энэ нь зөвхөн 300 харьцах нь 300 метр квадрат талбай бүхий газарт тааралдаж буй аж.

Санал болгох

БУЛГАН УУЛ

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ- ын АИХ-ын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *